С.Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байна

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Өчигдөр М.Тулгат даргатай АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал коронавирус цар тахлын эсрэг халдвар, хамгааллын дүрмээ баримтлан цахимаар хуралдаж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн баталсан юм.

 Үүний нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох шалгаруулах журам байлаа. Журамд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчид тавих нийтлэг шаардлага багтсан нь ихээхэн сонирхолтой байв. Уг шаардлагад:  "Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах зарчмыг баримталж ажиллана.

Үүнд:

-Хувь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ямар нэг санал, санаачилга гаргахгүй байна.

-Хувийн өмчийн эсрэг үг, үйлдэл, санал, санаачлага гаргахгүй байна.

-1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа болох Парламентийн засаглалыг тууштай хамгаалагч байна.

-Хүн төрөлхтөний нийтлэг ололт болсон “Цаазын ялыг устгасан хууль”-ийг сэргээх санал, санаачлага гаргахгүй байна.

-Улс төр, эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлогыг тууштай дэмжигч байна.

 

Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

-Хууль бусаар хөрөнгөжөөгүй, орлогын аливаа эх үүсвэр нь тодорхой байна.

-Монголын болон монгол туургатны ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна.

-Монгол бичгээ эрхэмлэн дээдэлдэг байна.

-Түүх, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэгч, тээгч байна.

-Хоёроос доошгүй гадаад хэлийг эзэмшсэн байна.

 

Гурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах үүргийг хүлээнэ.

Үүнд:

-Нийгмийн сүлжээнд иргэдийг блоклодоггүй байна.

-Өдөр тутмын ажил болон гэр бүл нь шилэн байна.

-Хүний эрхийн өндөр мэдрэмжтэй байна.

-Сайн дурын үйл ажиллагааг ямагт дэмжигч байна.

-Ажлын албаа хүйсийн тэнцвэртэй байдлыг тэгш хангах зарчмаар байгуулна." гэсэн байв.

Үндсэн Хуулийн дунд суудлын хуралдаан болж, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцох боломжгүй болох үестэй зэрэгцэн, АН-аас нэр дэвших сонирхолтой улс төрчид тодорч эхлээд буй. Тодруулбал О.Цогтгэрэлийн АН гэх талаас УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, ЕТГ-ын дарга асан, УИХ-ын дарга асан З.Энхболд нар, М.Тулгатын АН гэх талаас Улсын Баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал нарын хэн нэгнийг Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшүүлэх хувилбар яригдаж буй.

Тэгвэл нэгэн  хүн шинээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд АН-аас нэр дэвших сонирхлоо илэрхийлж эхэлсэн нь АН-ын дарга асан С.Эрдэнэ ажээ.

Түүний энэ саналд ч АН-ын дарга М.Тулгат төдийгүй Улсын Баатар Э.Бат-Үүл  ч ихэд хүндэтгэлтэй хандан, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

 

С.Сарнай

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!