Г.Эрдэнэбат: Т.Чимгээ “Намайг хийсэн гэсэн нотлох баримт олдсон уу” гэдгээс өөрөөр ямар ч мэдүүлэг өгөөгүй

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг гүйцэтгэсэн хэмээн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар 3 шатны шүүхээс ял сонсоод байгаа юм. Энэ цаг үед Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг олны анхааралд байна.

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат дүүгээ буруугүй хэмээн суллуулахыг шаардан 7 дахь хоног дээрээ өлсгөлөн зарлаж байгаа. Мөн өнөөдөр Улсын дээд шүүх Б.Хурц нарын эрүү шүүлтийн хэргийг хянаж хэлэлцэнэ.

Энэ цаг үед эрүү шүүлтийн хэрэгт буруутгагдан шалгуулж байгаа ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат өчигдөр “Улаан бал” нэвтрүүлэгт орох үеэрээ ноцтой мэдээллүүдийг хийв.

Тэрээр “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэргийг үйлдсэнийг хангалттай нотолж чадсан. Өнгөрсөн хугацаанд Т.Чимгээ нэг л удаа үг хэлсэн. Тэрээр:

...”Намайг хийсэн гэсэн нотлох баримт олдсон уу” гэдгээс өөрөөр ямар ч тайлбар, мэдүүлэг өгөөгүй. Б.Содномдаржаа 2 удаа мэдүүлэг өгсөн. Хэргийг гүйцэтгэснээ нэг нэгэнгүй ярьдаг.

...Хүмүүс С.Зоригийг хөнөөсөн алуурчин төгс алуурчин байх ёстой хандлагаар хүлээгээд байна. Хэрэв мэргэжлийн алуурчин байсан бол нэг удаа буудах, эсвэл хоолойг нь огтлох зэргээр нэг үйлдлээр гүйцэтгэх байсан. Гэтэл С.Зориг агсныг амин газрыг нь олохгүйгээр 18 удаа хутгалсан явдлыг л харахад ямар хүмүүс хийсэн нь ойлгомжтой харагддаг.

....16 настай хүүхэд нялх хүүхэдтэй эмэгтэй хоёр ийм хэрэг үйлдэх үү гэж байна. 16 битгий хэл 12, 13-тай хүүхдүүд онц хэрцгий хэрэг үйлдсэн маш олон баримт бий. Хүүхэдтэй эмэгтэй битгий хэл жирэмсэн эмэгтэй хүүхдээ зодоод алчихсан хэрэг ч хүртэл байдаг.

...Т.Чимгээ хэрэг гарах үед гэртээ байсан гэсэн байдаг. Тухайн үед амьдарч байсан хөршөөс нь мэдүүлэг авахад тухайн үед Т.Чимгээ гэртээ байгаагүй, ээж нь хүүхдийг нь асардаг байсан тухай мэдүүлдэг.

...Хэрэг гарах үед  С.Зориг агсны гэрийн ойролцоо Т.Чимгээг харсан нэг гэрч, Б.Содномдаржааг харсан 2 гэрч байдаг.

....Хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргачихвал маш их баярлахаар байна. Би хэлэх шаардлагагүйгээр тэнд шүүгдэгчид хэрхэн хэргийг хийсэн хангалттай нотлох баримт байгаа. Гагцхүү түүнийг нь ил гаргах сонирхолгүй байна гэв.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!