М.Тулгат: "Даанч дээ, Ардчилсан нам минь" гэдэг үгийг олон сонсдог байсан

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо 22.00 цагт цахим сонгуулийн дүнг танилцуулав.

Цахим сонгуульд санал өгсөн хүмүүсээс хамгийн өндөр саналыг  М.Тулгат 2134.01 оноогоор ялалт байгуулсан байна. Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг "18.40 цагт нэлээн том халдлага ирлээ. Манай сервер гадаадад байрладаг тул энэ нь өөрөө гадаадаас хийгдсэн, маш зохион байгуулалттай, ноцтой хадлага байлаа гэж дүгнэж байна. Гэхдээ урьдаас тооцоолж, нөөц сервер бэлтгэсэн байсны хувьд түүн рүүгээ түргэн шилжиж, сонгуулиа явууллаа. Цахим сонгуулийн санал хураалтад нийт 30077 санал ирснээс нэр дэвшигч Л.Гүндалай 898.58 оноо, Ц.Уртнасан 1020.86 оноо, Ц.Оюунгэрэл 2067.21 оноо тус тус авлаа" хэмээв.

 Ялалт байгуулсан М.Тулгат "Ийм их итгэл өгсөн гишүүддээ талархахын сацуу үнэхээр их хариуцлага нуруун дээр ирлээ гэж бодож байна. Ардчилалдаа хайртай нийт монголчуудын итгэл, сэтгэл гэж харж байна.

30 жилийн түүхтэй залуу ардчилал ч гэлээ алдаж, онож явсан. Хар нялхаасаа ардчиллыг хайрлаж өссөний хувьд алдаан дээр нь харамсах үе олон байсан. "Даанч дээ, Ардчилсан нам минь" гэдэг үгийг олон сонсдог байсан. Ардчилалдаа хайртай хүмүүс гадна нь байдагт харамсдаг байсан.

Өнөөдөр манай нам маш хүнд байгаа. Энэ нөхцөлд намаа болон ардчиллаа хамгаалж ажиллах шаардлагатай торгон мөч ирлээ гэж ойлгож байна. Өмнө нь дүүрэг, нийслэлийн сонгуулиудад ялж байсан ч энэ удаа маш том үүрэг хариуцлага ирснийг мэдэрч байна. Энэ цаг үеэс би хувь хүн биш, Монгол орны, парламентын төлөө бүгдийг зориулна. Бүх гишүүд та бүхэнтэйгээ хамт зүтгэх болно" гэв.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!