Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Чимгээ: Ариун цэврийн хэрэгсэл байхгүй, дотроо бие засдаг газарт 9 сар хоригдсон

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар өнөөдөр 401 дүгээр Хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, иргэн Т.Чимгээтэй уулзав.

Энэ үеэр Т.Чимгээ нийтэд хандаж мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “2015 оны наймдугаар сарын 31-нд Төв аймгийн цагдан хорих байранд хэлмэгдэж хоригдсон. Хоригдох хугацаанд маш хэцүү нөхцөлтэй байсан. Тухайлбал, ариун цэврийн хэрэгсэл байхгүй дотроо бие засдаг, усанд орж чадахгүй, агааржуулагч ч байхгүй тийм газар есөн сар хорьсон. Тэнд хоол ундны асуудал ч хүнд байсан.

Улмаар 2017 оны тавдугаар сард 407 дугаар анги руу шилжсэн ч нөхцөл байдал огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд дарамт шахалтад жил долоон сар хоригдсон. 2019 оны гуравдугаар сараас 401 дүгээр ангид ирж, сэтгэл санаа, эрүүл мэндээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Миний амьдралын таван жил долоон сар гаруй хугацааг эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироосон. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Таван жилийг тарчлаан зовоож, тамлаж, хар дарсан зүүд шиг өнгөрөөлөө.

Намайг хилс хэргээр хоригдсоноос хойш нэг жилийн дараа миний том охин осолд орж амь насаа алдсан. Үүнийг би энэ хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа.  Тиймээс тэр хэргийг би дахин шалгуулах хүсэлтэй байгаа.

Миний амьдрал ахуй, ар гэр тэр чигээрээ орвонгоороо эргэсэн. Үлдсэн үр хүүхэд, 80 гарсан хадам ээж маань хамтдаа орон байргүй, байр хэсэж амьдарч байна” хэмээн ярив.

Эх сурвалж: shuurhai.mn 

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.