Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс "Март 8"-ныг тэмдэглэлт баяруудаас хассан нь

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчид 1955 оны зургадугаар сарын 8-ны өдөр Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн тухай 137 дугаар зарлиг гаргажээ. Ингэж Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг анх тэмдэглэснээс хойш 62 дахь жилтэйгээ золгож байна. Харин дэлхий нийтэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тогтмол тэмдэглэх болсоор118 жил болж байгаа аж.

Харин 1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг хүүхдийн баярын өдөртэй нэгтгэн “Эх үрс”-ийн баяр болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар "Олон улсын эмгэтэйчүүдийн баяр" тэмдэглэлт өдрөөс хасагдсан байв. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль 2003 онд дахин батлагдахад тухайн үеийн УИХ-ын гишүүн асан Н.Гэрэлсүрэнгийн санаачлагаар "Эх үрс"-ийн баярыг салгаж, Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг бүх нийтээр тэмдэглэх өдөр болгон сэргээжээ.

Дэлхийн бусад орнуудад энэ өдрийг хэрхэн тэмдэглэж эхэлсэн бэ?

АНУ-д XIX зуунд үйлдвэрчний эвлэл байгуулагдан хүчээ авч эхлэхэд үйлдвэрийн эмэгтэй ажилчид ажлын 16 цагийг 10 болгох, ажиллах орчныг сайжруулах шаардлага тавин 1857 оны 3-р сарын 8-нд жагсаал хийжээ. Энхүү өргөн хүрээтэй жагсаалын дараа тухайн үед эмэгтэйчүүд ҮЭ-ийг шинээр байгуулж олноороо гишүүнээр элссэн түүхтэй.

Эмэгтэйчүүдийн өдрийг АНУ-д Америкийн социалист намын шийдвэрээр1909 оны 2 дугаар сарын 28-нд тэмдэглэсэн байдаг. Түүнээс хойш Эмэгтэйчүүдийн эрх, түүний дотор сонгуульд оролцох эрхийн төлөө тэмцэх “Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэх тухай шийдвэрийг 1910 онд Копенгаген хотноо болсон хоёрдугаар Социалист Интернационалын хурлын өмнө зохион байгуулсан Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлаас шийдвэрлэжээ.

ОХУ-д эмэгтэйчүүд “Талх ба энх”-ийг шаардсан ажил хаялтыг 1917 оны хоёрдугаар сарын сүүлийн ням гаригийг сонгон зохион байгуулж байжээ . Энэ өдөр нь тухайн үеийн Орос оронд хэрэглэж байсан Юлианы тооллын хоёрдугаар сарын 23-ны өдөр буюу дэлхий нийтийн Грегорийн тооллын буюу 3 дугаар сарын 8-ны өдөр байв. ОХУ-д Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж эхэлсэнээс улбаатай монголчууд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын-8"-ыг тэмдэглэх болсон хэмээн зарим судлаачид тайлбарладаг билээ.

Нийт Монголынхоо эмэгтэйчүүдэд "Мартын 8"-ны баярын мэнд дэвшүүлье. 

Эх сурвалж: shuurhai.mn 

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.