МУБИС, Нагояа Их сургуулийн хамтарсан \"Хүүхдийн хөгжлийг дэмжих төв\"-ийн эрхлэгч Доктор,дэд профессор Дандийн Одгэрэл: Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг гаднаас нь хараад хөгжлийн бэрхшээлтэй гэсэн “шошго” зүүдгээ болих цаг болсон

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

\"\"

Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг гаднаас нь хараад хөгжлийн бэрхшээлтэй гэсэн “шошго” зүүдгээ болих цаг болсон “Хараагүй, сонсголгүй байсан ч тэд хөгжлийн бэрхшээлтэйд тооцогдохоо болино, учир юу вэ гэвэл нийгмийн энэ ухагдахууныг хараагүй, сонсголгүй дээр бий болсон “ургацаг” гэж ойлгох хэрэгтэй. Хүүхдийн харааны согог, эмгэгийг хөгжлийн бэрхшээл гэж үзэхгүй ээ... Нийгмийн ямар орчинд нөхцөлд байгаагаас тухайн хүүхдийн бэрхшээлтэй эсэх нь хамаардаг. Бусдын хандлага, зан үйлийн ялгаатай байдалд хамаг учир оршиж буй юм...” /Л.С. Выготский, 1924/ “Дээрх үгийг хүн болгон ойлгож байх нь чухал юм” хэмээн ярьж суух энэ хүн бол  МУБИС, Нагояа Их сургуулийн хамтарсан \"Хүүхдийн хөгжлийг дэмжих төв\"-ийн эрхлэгч Доктор,дэд профессор Дандийн Одгэрэл юм. Тэрбээр хүүхдийн оюун ухааны хөгжлийг тодорхойлох монгол сорилыг боловсруулж дуусаад олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байгаа юм. Ингээд түүнтэй хэсэгхэн хором ярилцлаа.

 

-Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач

Би 1984 онд Ленинград хотын Багшийн дээд сургууийг тусгай боловсролын багш мэргэжлээр сурч дүүргэсэн, Японы Цукуба Их сургуульд Боловсрол судлалын эрдмийн  зэрэг хамгаалсан одоо  МУБИС, Нагояа Их сургуулийн хамтарсан \"Хүүхдийн хөгжлийг дэмжих төв\"-ийн эрхлэгчээр аиллаж байна.

 

-МУБИС, Нагоя Их Сургуультай хэзээнээс ямар чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн бэ?

МУБИС, Японы Нагоя Их Сургуулийн хамтын ажиллагаа анх 2013 онд эхэлсэн. Хамтын ажиллагааны гэрээний дагуу хоёр сургууль сургалт, судалгааны ажил зохион байгуулах багш, оюутан солилцох гэх мэт ажлыг хийж ирсэн. Манай “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв” 2016 онд байгуулагдсан юм. Нагоя Их Сургуулийн сэтгэл судлалын багш нартайгаа 2013 онд анх уулзсанаас эхлээд л өнөөг хүртэл хамтран ажиллаж байна. Анх бол хамтын ажиллагаа сургалтаар эхэлж, хамтран судалгаа хийх, МУБИС-ийн багш нар НИС дээр мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа явуулж байлаа. Бидний хамтарч хийсэн нэг том ажил бол “Tусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг дэмжих” судалгааг 2016 онд хийсэн. 2016-2020 онд “Танака Бине оюун ухааны сорил-V”-ын монгол хувилбар боловсруулах судалгааг хийж дуусгалаа. Судалгааны зорилго нь Монгол хүүхдийн оюун ухааны олон талт чадамжийн үнэлгээ хийх боломж бүхий албан ёсны зохиогчийн эрхтэй цогц аргачлалтай болох. Бид Хөвсгөл, Завхан,Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотоос нийт 1200 гаруй хүүхдээс гурван үе шаттайгаар судалгаа авсан. Тус судалгааныхаа үндсэн дээр сорилоо боловсруулсан юм. Харин одоо үр дүнд хүрчихээд, “Мон ТБ” оюун ухааны хөгжлийн сорилоо олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна.

 

-Сорилынхоо тухай товчхон тайлбар өгөхгүй юу?

“Танака Бине”-ий оюун ухааны сорил анх 1947 онд Японд боловсруулагдсан. Түүнээс хойш 2003 он хүртэл таван удаа шинэчлэгдсэн байдаг юм. “Танака Бине оюун ухааны сорил-V”–ыг бид монголчилсон гэж ойлгож болно. Тийм учраас “Монгол Танака Бине сорил” гэж нэрлэсэн. Яагаад тэгж нэрлэсэн гэхээр оюуны шинэ бүтээл бий болж байна гэж ойлгож болно. Ерөнхийдөө 70 орчим хувь нь өөрчлөгдөж шинэчлэгдсэн даалгаврууд байгаа, тиймээс бид үүнийгээ Монгол сорил болсон гэж гэж үзэж “Мон ТБ” гэж нэрлэхээр болсон. Энэхүү судалгааны ажлыг МУБИС-ийн “Танака-Бине оюун ухааны сорилын Монгол хувилбарын судалгаа” захиалгат төсөл, “Танака-Бине оюун ухааны сорилын Монгол хувилбарын хэрэглэгдэхүүний иж бүрдэл үйлдвэрлэх\" инновацийн төсөл, Нагояа Их сургуулийн “Хөгжлийн эмгэг судлалын салбарын боловсролд дэмжлэг үзүүлэх судалгаа”-ны төслүүдийн хүрээнд гүйцэтгэсэн.

 

-Хөгжлийн бэрхшээл, оюуны бэрхшээл гэхээр хүмүүс төдийлөн ялгаж ойлгодоггүй. Энэ тал дээр та тайлбар өгөхгүй юу?

Манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ЕБС-д тэгш хамруулна гэж л яриад байна. Манайд “хөгжлийн бэрхшээлийг” өвчин, согогтой адилтган үзэж эрүүл мэндийнх нь хандлагаар тодорхойлж байна. Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдийг тодорхойлохдоо эрүүл мэндийн оношилгоогоос гадна сэтгэл зүйн болоод боловсролын үнэлгээ, оношилгоо хийх шаардлагатай. Оюуны бэрхшээлийг эрүүл мэндийн талаас нь тархины үйл ажиллагааны өөрчлөлт, согог гэж үздэг бол харин боловсрол талаасаа сэтгэн бодох чадвар, нийгэмшихүйн чадвар, өөртөө өөртөө үйлчлэх чадварууд нь ямар байгааг авч үздэг. Энэ чиглэлийн судалгааны “AAIDD” гэх Америкийн Оюуны бэрхшээл судлалын холбоо 1876 онд байгуулагдсан ууган мэргэжлийн байгууллага хэрхэн яаж үнэлгээ оношилгоо хийх заавар зөвлөмж гаргасан байдаг. Эрүүл мэндийн болоод боловсролын, нийгмийн хандлага, үүнтэй уялдаатай оношилгоо, үнэлгээг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бидний хийж бүтээсэн аргачлалаар хүүхдийн оюун ухааны хөгжлийг сэтгэл зүйн талаас нь үнэлж боловсролын ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг нь тодорхой болно.

 

-Суралцах бэрхшээл гэхээр юуг хэлээд байна вэ?

Суралцахуйд нөлөөлдөг маш олон хүчин зүйлс байдаг. Суралцах гэдэг чинь юмыг таньж мэдээд, дараа нь мэдсэн сурснаа илэрхийлээд, хэрэгжүүлээд явна гэсэн үг шүү дээ. Энэ тал дээрээ асуудалтай хүүхдүүд сүүлийн үед ихэсч байгаа. Тэдгээр хүүхдүүдийг маш нарийн оношлоод, ангилаад, тодорхойлоод тусгайлсан арга зүйгээр хөгжүүлэх шаардлагатай. Гаднын орнуудад бол тусгай боловсролын хууль гээд гаргачихсан байдаг. Хүүхдийн суралцахуйн бэрхшээлийг үнэлэх арга, аргачлалаа боловсруулаад хэрэгжүүлээд, аргазүйн номуудаа ч боловсруулчихсан байна. Тухайлбал бид ХИС-ийн төслийн хүрээнд япон хэлнээс “Тусгай хэрэгцээт боловсролын арга зүй” бага ангийн жишээн дээрх 172 шинэлэг санаа номыг орчуулан гаргаж ЕБС-ийн багш нарын хүртээл болгосон. Манайх энэ тал дээр ерөнхийдөө хоцрогдсон. “Хөгжлийн бэрхшээлтэй” гэх нэр томьёо нь сөрөг хандлагатай, хэт ерөнхий байна. Хүүхдэд дэмжих үйлчилгээ үзүүлэхийн тулд, тухайлбал “тархины саажилттай” гэх эмчийн оношийг “ХБ” гэж тодорхойлолт хийж тусгай сургуульд явна гэсэн зааварчилгаа өгч байна. Гэтэл тэр тархины саажилттай хүүхдүүд дотор чинь оюун ухаан нь хэвийн, хэвийнээс дээгүүр хөгжилтэй хүүхэд ч байдаг. Тэд гэрээр сурч, шүлэг, зохиол хүртэл бичиж байна.

 

-Та бүхний боловсруулсан тестээр оношлоод сургалт явуулаад эхэллээ гэхэд багш мэргэжилтнүүд хэр хүрэлцээтэй байгаа вэ? Энэ бол тогтолцоогоор нь авч үзэх асуудал. Бид одоохондоо МУБИС-ийн “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв” дээрээ үнэлэгээ оношилгоо хийж, багш болон эцэг эхэд нь зөвлөгөө өгөөд явж байна. Ер нь бол багш мэргэжилтнүүдийг бэлтгэх, манайх шиг төвүүдийг байгуулах шаардлагатай. Манайхаас зөвлөгөө аваад явсан хүмүүс хүүхдэдээ эрс өөрчлөлт гарч байгаа талаараа хэлдэг.

 

-Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэршил дээр жоохон маргаантай байдаг. Ер нь юу гэж нэрлэх нь зүйтэй юм бол?

Компьютер байлаа гэж бодоход түүний багтаамж үзүүлэлт чухал болохоос гадаад үзэмж бол нэг их чухал биш шүү дээ. Түүн шиг манайх юу гэж хараад байна вэ гэхээр энэ хүүхэд хөлтэй юу, гартай юу гэдэг өнгөц байдлаас нь дээрээс нь эмч нарын оношийг түлхүү хэрэглээд байна. Тэгээд ч хуучин ЗХУ-д согог зүйч мэргэжилтэн бэлтгэж, тэдгээр хүмүүс л энэ согогтой хүмүүстэй ажиллана гэсэн өрөөсгөл, хуучирсан хандлагаар хандаад байна. Нөгөө талаас өөрсдийгөө хөгжүүлээд, юмаа хийгээд явж байгаа “хөгжлийн бэрхшээлтэй” гэгдэх хүмүүс энэ нэр томьёон дээр эгдүүцээд байдаг. Ер нь бол “Хөгжлийн бэрхшээл гэж нэрлэж байгаа нь хоцрогдсон хандлага юм. Гадны оронд бол тэр хүнийг хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой гэж хэлбэл хууль бус үйлдэл хийсэн гэж торгууль төлөх хүртэл арга хэмжээ авдаг. Судлаад үзэх юм бол гадны орнуудад “ХБ”-ийг чадварын өөрчлөлт, чадварын алдалт, онцлогтой хүүхдүүд гэсэн нэршлээр нэрлэдэг. Би хувьдаа бол “хөгжлийн онцлог” гэсэн нэр томьёог дэвшүүлээд байгаа. Боловсролын салбарт болохоор “боловсролын тусгай хэрэгцээтэй” хүүхдүүд гэж ярьж явдаг. Боловсролын тусгай хэрэгцээ гэдэг нь агуулга арга зүй, үнэлгээ, орчин, хэрэглэгдэхүүнүүд гээд олон зүйл орно.

 

-Ярианыхаа төгсгөлийг танд үлдээе.

Эцэст нь хэлэхэд энэ “Мон ТБ” олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онолын дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулагдсан аргачлал. Сорилын даалгавруудыг монголын нийгэм, хэл соёлын онцлог, монгол хүүхдийн ахуй зэргийг харгалзан өөрчилж, шинэчлэх ажлыг хийхдээ япон хэл дээрх сорилын мөн чанарыг хадгалах, сорилын, найдварт чанар тохироцыг тогтоож, стандартыг тооцоолон гаргаснаар “Мон ТБ” оюун ухааны сорилтой болсон.

Сэтгэгдэл (1)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    Эрүүл хүүхэд залуучууддаа сайн боловсрол,ёс суртахуунаа өвлүүлж суулгаж өгч чадахгүй бүх сайн сайхан бүхнийг задлаж байгаагийн нэг жишээ нь эрүүл чиирэг залуусын өмнүүр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оруулж магтан дуулах нь монгол генийг устах аюултай зорилго юм.Тахир дутуу хүмүүсэд нийгмийн халамж үзүүлэхийг хэрхэвч буруу гэж байгаан биш харин энэ хүмүүсээр худлаа бизнес хийж байгаа хөгийн нөхдийг харахаар дургүй хүрч байна.