Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймагт батлагдсан хоёр тохиолдол болон автобусанд хамт явсан 41 иргэнийг Улаанбаатарт буцаан авчирч байна

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

\"\"

Ховд аймагт коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол өчигдөр бүртгэгдсэн талаар бид шуурхай мэдээллийг хүргэсэн билээ.

Энэ талаар Аймгийн Онцгой комиссоос \"Ковид-19 цар тахлын дотоодын халдварын улмаас манай аймгийн цөөнгүй иргэд Улаанбаатар хотод түр саатаад байсан. Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж өнөөдөр /2021.01.26/-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан.

Нийтийн тээврийн 5 автобусаар ирсэн иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлсэн. Нэг гэрт амьдарч байсан 3 иргэний /эгч дүүс/ шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг БОЭТ-ийн лабораторид авчран PCR-ийн шинжилгээ хийхэд мөн эерэг гарсан байна.

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу дахин баталгаажуулалт хийснээр хоёр нь эерэг, нэг нь сөрөг гарч Ховд аймагт коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдлээ. Уг иргэд 1 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч 25-нд автобусанд суусан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс  шуурхай хуралдаж авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Эхний ээлжинд сорьц шинжилгээний хариу, БОЭТ, Халдвартын тасгийн бэлэн байдал, эм тарианы нөөц ямар байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонслоо.  Дараагаар нь хязгаарлалтын дэглэм тогтоох тухай Засаг даргын захирамж гарган баталлаа. 

Хуулийн дагуу болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс 1 дүгээр сарын 26-ны 20 цагаас 29-ний 00:00 цаг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлалаа. Халдвартай болон хавьтагч иргэд /автобусны жолооч, зорчигчид/ нийт 41 хүнийг  Дарви суманд тусгаарлалтад байлгасан ба тэдгээр иргэдийг 1 дүгээр сарын 27-ны өглөө Дарви сумаас тусгай машинаар гаргасан маршрутын дагуу нисэх онгоцны буудал руу авч ирж,  мөн өдрийн өглөө Улаанбаатар хот ХӨСҮТ-рүү тусгай үүргийн онгоцоор журмын дагуу тээвэрлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаж, ажлын хэсэг байгууллаа. 

Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй иргэдээс халдвар илэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаагаад байна. Өөрөөр хэлбэл аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоолоо.

Улаанбаатар хотоос ирж  гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт  тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо\" гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.